• Өнөөдөр 2024-03-19

Л.Цэдэвсүрэн: Таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт ирсэн

 

-Оюутны сургалтын зээлийг зах зээлийн судалгаа хийсний дараагаас олгож эхэлнэ-

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн их, дээд сургуулиудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их дээд сургуульд тасралтгүй хяналт, шалгалт хийдэг. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий 12 их, дээд сургуулийг салбар яамнаас шалгалт хийж, хаахаар болсон талаар мэдээлэл гарсан байна. Бид шалгалтынхаа хүрээнд их дэд, сургуулийг шалгасан. Гэхдээ бүгдийг нь хаах, сургалт, эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудал гаргаагүй. Ажлын хэсгийн шалгалт дууссан. Эхнээсээ дүгнэлтээ өгөөд явж байна. Эхний ээлжид зургаан сургуулийн дүгнэлт ирсэн. Дүгнэлт эцсийн байдлаар бүгдээрээ надад ирчихвэл шийдвэрээ гаргана. Шалгалтыг явуулахдаа 4-5 чиглэлээр шалгаж байгаа. Тухайн сургуульд элсэж байгаа элсэгчдийн тоо, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ямар байгаа, багш нарын ур чадвар, тусгай зөвшөөрөл авахдаа авч байсан мэргэжлийн сургалтууд нь хэвийн явж байгаа эсэх, хүсэлт гаргахдаа бүртгүүлж байсан багш нар нь ажиллаж байна уу зэрэг асуудлыг нь нарийн шалгадаг. Одоо надад ирсэнээр таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт ирсэн. Энд элсэгчийн тоо багассан, үндсэн багш нь ховор, олон цагийн багштай, анги танхим нь хүрэлцээгүй зэрэг асуудлууд байна.

Мөн бид хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг шалгаж байгаа. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хэдэн хөтөлбөр нь ороод тэнцсэн гэх шалгуурыг харж байгаа. Одоо таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал ирсэн. Нэрийг нь зарлах боломжгүй. Харин гурван сургуулийн зарим хөтөлбөрийг нь хаах хүсэлт ирээд байна.

Харин Боловсролын зээлийн сангаас олгодог сургалтын зээлийг төсвийн тодотголын хүрээнд шийдэх гээд явж байна. Хоёр асуудал яригдаж байгаа. 2020 оны дөрөвдүгээр сард Засгийн газар шинэ журам баталж, ямар журмаар зээл олгохыг шийдсэн. Нэгдүгээрт, Монгол Улсад нэн шаардлагатай 36 мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зээл олгоно. Хоёрдугаарт, тухайн сургуульд суралцсан оюутнууд мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэхийг судална. Эрэлттэй 36 мэргэжлийн жагсаалтыг гаргачихсан. Одоо зах зээлийн судалгааг нь хийж дууссаны дараа сургууль болон хяналтын тоогоо Сангийн сайдтай хамтран баталдаг. Дараа долоо хоногоос хяналтын тоо батлагдчихвал зээл олгоно” гэлээ.

 


Л.Цэдэвсүрэн: Таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт ирсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188