• Өнөөдөр 2024-03-29

П.Анужин: Бид иргэдээ эмийн хэрэглээнд нэвт оруулсан зүйлсийг хийж байна. Эмийн хэрэглээнээс гаргах бодлого гэж байдаггүй юм уу

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн  газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эрүүл мэндийн хяналтын агентлаг байгуулна гэж ойлгосон. Энэ байгууллага ямар хяналт тавих вэ. МХЕГ юуг нь шалгах зэрэг хуулийн давхардлаа яаж арилгах вэ. Хоёрдугаарт, эмийн хяналт байх ёстой ч бид хянаж чадах уу. Үүнээс чинь болоод бид шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжөө авч чадахаа больчих вий. Нэгжийн өртгийг та нар тооцож чадах уу. Гадаадаас орж ирж байгаа эмийг хянана гэдэг хэцүү. Эмнэлгийн хэрэглэгдэхүүнтэй тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудал хуулийн төсөлд алга.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Бид гаалиар орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ ханшид хяналт тавьж чаддаг болсон. Мэдээний сантай болчихсон учраас эмийн нэгжийн үнийг тогтоож болно. Энэ нь цаашдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр харьяалагддаг байхаар зохицуулж байгаа. Хэрэглэгдэхүүний засвар үйлчилгээний асуудлыг хуулийн төслийн 10, 11 дүгээр зүйлд оруулчихсан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Засгийн газрын гишүүн болоод УИХ-д бие даан оруулж ирж байгаа анхны хуулианд бэлтгэл муутай орж ирж байна. Хуулиа бүрэн уншиж ойлгоогүй байх юм. Наймдугаар сард баталсан бидний хууль шинэ дэглэм үүсгэсэн. Гэтэл үүнээс өмнө өөр сайдын өргөн барьчихсан хууль чинь одоогийн эрх зүйн орчинтойгоо зөрчилдөж байна. Мөнхсайхан сайд ажилдаа гүн орсон бол хуулийн хэрэгжилтийг харж, туршлага цуглуулах ёстой байсан. Тэгсэн бол зөрчилдөөн үүсэхгүй байлаа. Бидний баталсан хууль нь эмийн үнэ, эмийн чанар зохицуулах агентлаг байгуулж байна гэж ойлгосон. Үүнийг зохицуулсан нэгдсэн худалдан авалт хийх гэж ойлгоод хуулиа баталсан шүү дээ. Тэрнээс биш сайд үнэ тогтоогоод тогтоосон үнэ дээр хувь нэмж үнийг хяналт тогтооно гэж бид хууль батлаагүй. Гаалиар орж байгаа нэг эм олон төрлөөр орж ирээд эмийн сангуудад янз бүрийн үнээр зарж байгаа шүү дээ. Бид уг нь агентлаг байгуулаад улсын хэмжээнд хэрэглэх нэг эмийнхээ дүнг гаргаад, дэлхийн хэмжээнд тендэр зарлаад нэг үнээр эмээ авна гэж үнэ, чанараа хянана гэж ярьсан. Олон жил зохицуулж чадаагүй асуудлаа цэгцлэх гэж хэлэлцэж байгаа шүү. Дэлхий даяар хүлээн зөвшөөрчихсөн эмийн нарийн хяналттай улс орнуудын тоног төхөөрөмжийг бид хянаж чадахгүй. Бид Европын холбоо, Японоос илүү эмийг хянаж, шинжлэх ухаан гаргаж чадахгүй шүү дээ. Гэтэл үүнийг хянан гээд хуулийн төсөлд оруулаад иржээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Бид зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл дээр хяналт тавина гэж байгаа. Тэрнээс бид бүх эм, эмнэлгийн хэрэгсэл дээр сайд нь үнэ тогтоохгүй. Нэгдсэн худалдан авалт хийх олон улсын тендерийг зохион байгуулахдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээрээ зохион байгуулна гэж төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн П.Анужин: Бид иргэдээ эмийн хэрэглээнд нэвт оруулсан зүйлсийг хийж байна. Эмийн хэрэглээнээс гаргах бодлого гэж байдаггүй юм уу. Бид хүмүүсээ улам эмийн хамааралтай болгох талаар л ярьж байна. Эрүүл монгол хүн гэсэн бодлого нь хаана байна вэ. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж юуг хэлж байна вэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж байна уу. Эм бол өвдсөний дараа  хэрэглэдэг, хүнсний нэмэлт бол өвдөхөөс нь өмнө хэрэглэдэг тэс өөр зүйл. Иргэдийн хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Тойрогтоо ажиллаж байхад асуулт асууж байгаа хүн бүр л эмийн хөнгөлөлтийг асууж байна. Бид ард иргэдийнхээ хэдэн хувийг эмийн хамааралтай болгочихоод одоо эмийн бизнесийг дэмжих гээд байгаа юм бэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хуулийн төслийн гуравдугаар зүйлд тодорхой заагаад өгчихсөн. Одоохондоо манайд иргэдийн тэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн тоо судалгаа байхгүй.

Хуралдаан үргэлжилж байна.

 


П.Анужин: Бид иргэдээ эмийн хэрэглээнд нэвт оруулсан зүйлсийг хийж байна. Эмийн хэрэглээнээс гаргах бодлого гэж байдаггүй юм уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188