• Өнөөдөр 2024-03-29

МАН ялсан ч унасан, АН ялагдсан ч боссон сонгууль боллоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол ардын нам 11 аймаг, найман дүүрэг, Ардчилсан нам 10 аймаг, нэг дүүргийг “эзэмшихээр” боллоо. 12 нам эвсэл өрсөлдсөн ч эрх баригч АН, МАН хоёр л ёстой ана мана, ач тач үзлээ. Шударгаар ч, шударга бусаар ч.

Хамгийн чухал нь энэ сонгуулиар бид гурван зүйлийг ойлгож, харж авлаа.

Нэгдүгээрт, Ардчилсан нам 10 аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулсан нь МАН-ын засаглал дараагийн сонгуулиар дуусаж болзошгүйн дохио боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр сонгууль дараалан өвдөг шороодсон АН-ын нэр хүнд орон нутагт эргээд сэргэж байгаа бололтой. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн сар гаруй хугацаанд одон тараах, төмөр зам, бүтээн байгуулалтын ажилтай танилцах нэрээр 21 аймгийн бүтэн тойрсон Ерөнхийлөгчийн нөлөө АН-ыг энэ ялалтад хүргэсэн гэхэд хилсдэхгүй.  Гагцхүү ялалт байгуулсан 10 аймаг, нэг дүүрэгтээ ирэх дөрвөн жил дорвитой ажил хийж, эрх мэдэл, эд хөрөнгийн шуналаа дарж чадвал 2024 онд улсаараа “цэнхэртэх” боломж харагдаж байгаа юм. Түүнчлэн хамгийн чухал нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль Ардчилсан намынх байх, тэр тусмаа Х.Баттулгынх байх боломж, магадлал ихэслээ. Гэхдээ баярлах болоогүй. Тэдэнд манлайлагч, лидер үгүйлэгдсэн хэвээр байгааг санах хэрэгтэй.

Эсрэгээрээ МАН-ын нэр хүнд аажмаар унаж эхэлснийг энэ удаагийн сонгууль харууллаа. Хэдийгээр эрх баригч Монгол ардын нам 11 аймаг, найман дүүрэгт ялалт байгуулсан ч энэ бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийнх шиг үнэмлэхүй ялалт биш. Ялсан мэт харагдавч үнэн хэрэгтээ ялагдал ч байж магадгүй. Дөрвөн сарын өмнө улсаараа улайж байсан ч одоо төрийн далбаатай адилхан болчихлоо. Энэ бол МАН-д уналт ойртож буйн хамгийн том дохио.

Хоёрдугаарт, дараагийн сонгуулиудаас өмнө засаж, сайжруулж, шинэчлэх ёстой зүйл бидэнд маш их байгааг өчигдөр харлаа. Сонгуулийн ерөнхий хороог чадавхижуулах, чадахгүй бол татан буулгах, сонгуулийн сурталчилгаа, санал хураах үйл явцын хяналтыг шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага бидэнд байна. Энэ удаагийн сонгуулийн үйл явц хамгийн их будлиантай, ёс суртахуунгүй явагдсан нь шинэчлэл хэрэгтэйг баталлаа. Мөнгө тараалт хавтгайрч, арын суудал, тээшиндээ 50, 100 сая төгрөг овоолсон нэр дэвшигч нэртэй луйварчид хэд хэдээрээ баригдав. Санал өгүүлэх хүмүүсээ машинаар зөөж, санал авах байрны дотор хэн дуртай нь камераар тэднийг хянаж байв. Тэр ч бүү хэл нэг нэр дэвшигч амиа алдав. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо “Хар машин гацаагүй”, “Ирц тэд байна”, “Гомдол мэдээлэл ирээгүй” гэх үгсийг өдөржин давтаж, хэчнээн хүчгүй, сул дорой гэдгээ харуулж суулаа.

Түүнчлэн, санал авах өдөр сонгуулийн хууль зөрчсөнтэй холбоотой 369 гомдол, мэдээлэл цагдаад бүртгэгдэж, 331 хэрэгт нь зөрчлийн хэрэг үүсгэж, 23 хэргийг тагнуулын байгууллагад шилжүүлж, найман хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгаж байна. Сонгуулийн өдөр иргэдийн сонгох эрхээ  эдэлдэг өдөр биш төрийн эрхийг мөнгөөр авахыг санаархагч гэмт хэрэгтнүүдийн дураараа авирладаг өдөр болсныг энэ мэт баримтууд нотолно.

Тиймээс одоо байгаа ялзарсан сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй юм бол дараа, дараагийн сонгуулиудад саналын луйварчдын өдөөн хатгасан иргэний дайн ч гарахгүй гэх баталгаа алга байна.

Гуравдугаарт, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс ч илүү сандал суудлын төлөөх тэмцэл өрнүүлдэг, албан тушаалд очих гэсэн барагдашгүй дур тачаалтай, ялахын тулд юу ч хийж магадгүй хүмүүс байдгийг бид харлаа. Ойрын ирээдүйд улс төрд орж ирэх хамгийн өндөр амбицтай 17 мянга 161 иргэний царай, үг, үйлдлийг мэдэж авлаа. Гэхдээ суудлын тоо ёсоор эхний ээлжинд тэднээс 8169 хүнийг төлөөлөгчөөр сонгосон. Сонгогдож чадаагүй үлдсэн 8992 хүний зарим нь “Улс төр миний байх газар биш юм байна” гээд шантарна, зарим нь “Хайран мөнгөө салхинд хийсгэчихлээ” гэж халаглана. Ер нь ихэнх нь “Жаахан л дутлаа, илүү өөр аргаар 2024 онд л...” гэсэн хүлээлттэй дөрвөн жилийг туучна. Ямартай ч энэ сонгуулиар нэр дэвшсэн хүмүүсийн царай, сонгуулийн үеийн үг үйлдэл, тэнэглэл, улайрал бүхнийг нь санаж байхад илүүдэхгүй. Тэд буцаж ирэх үед нь харьцуулж харахад хэрэг болно.


МАН ялсан ч унасан, АН ялагдсан ч боссон сонгууль боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-18 09:31:59
    Зочин: Энэ хүн хэтрүүлгэтэй ч үнэн юм бичсэн байна. Тэгэхээр МАН ирэх 4- н жилд маш сайн шударга, идэвхи зүтгэлтэй ажиллаж, өөрийнхөө хөтөлбөрийг биелүүлэх хэрэгтэй шүү. Урьд нь мөрийн хөтөлбөрөөс хазайгаад оронд шал өөр олон хийчихсэн байдаг. Ингэсэн тохиолдолд л ажил хийсэн ажил нь их мөртлөө мөрийн хөтөлбөрөөр нь харахаар их дутуу байдаг шүү. Маш сайн төлөвлө ,төлөвлөсөн ажлаа л хийх хэрэгтэйг анхаараарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-18 09:28:14
    Зочин: Энэ хүн хэтрүүлгэтэй ч үнэн юм бичсэн байна. Тэгэхээр МАН ирэх 4- н жилд маш сайн шударга, идэвхи зүтгэлтэй ажиллаж, өөрийнхөө хөтөлбөрийг биелүүлэх хэрэгтэй шүү. Урьд нь мөрийн хөтөлбөрөөс хазайгаад оронд шал өөр олон хийчихсэн байдаг. Ингэсэн тохиолдолд л ажил хийсэн ажил нь их мөртлөө мөрийн хөтөлбөрөөр нь харахаар их дутуу байдаг шүү. Маш сайн төлөвлө ,төлөвлөсөн ажлаа л хийх хэрэгтэйг анхаараарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 14:44:55
    Нара: Хөдөөгүүр сонгуцльдаа очиж чадаагүй олон хүн бгаа нь бас боломж олгоо доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:26:26
    Иргэн: Нийслэлд ажилын байр хомс. Орон нутагт малаа маллаж тариа ногоогоо тариад хэнээс ч халамж хүсэхгүй амьдраад байх боломжтой байгаа нь харагдаж байна шдэ. Нийслэлд МАН ялалт байгуулсан нь 1 Хавтгайрсан халамж ..2 Юу ч хийхээс буцахгүй хэсгийн хорооны авгай нар (МАН) 3. Албан тушаадын хэнээтэй луйварчид 4 .. мөнгөний тролууд 5 .. төрийн албаныхан намдаа үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлэв. Хоосон ходоодтой ажиллах нь МАН ын тактик юм..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:21:06
    Иргэн: Нийслэлд ажилын байр хомс. Орон нутагт малаа маллөж тариа ногоогоо тариад хэнээс ч халамж хүсэхгүй амвдраад байх боломжтой баыгаа нь харагдаж байна шдэ. Нийслэлд МАН ялалт байгуулсан нь 1 Халамж хавтгайрсан...2 Юу ч хийхээс буцахгүй хэсгийн хорооны авгай нар (МАН) . Албан тушаадын хэнээтэй луйварчид .. мөнгөний тролууд үүргээ сайн гүйцэтгэв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:06:07
    АН: Нийслэлд навс ялагдаад барархаад хэрэггүй ээ АН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 11:57:05
    Би: МАН сая 100 мянга 86000 гээд мөнгө сайн тараасан л даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188