• Өнөөдөр 2024-04-19

Н.Дугар: Төв сайхан нутгийнхаа төлөө зөв сайхан сэтгэлээр хүчээ нэгтгэнэ

Зуунмод сумын уугуул хүү, компьютерийн шинжлэх ухааны докторант Нямдоржийн Дугар бол сонгогдсон тойрогтоо тулгамдаад байсан гол гол томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж чадсан төлөөлөгч. Тэрээр одоо хоёр дахь удаагаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд Зуунмод хотын дөрөвдүгээр баг буюу Зүүндэлгэрийн 24 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшээд байгаа билээ. Түүнтэй хийсэн болоод хийхээр зэхэж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Хүн аливаа юмыг хийж бүтээчихээд түүнийхээ үр дүнг харж суух шиг сайхан юм үгүй. Та төлөөлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд Зүүндэлгэр дөрөвдүгээр баг буюу өөрийн тойрогтоо онцлон ямар ажлуудыг хийж амжуулав?

-Юуны өмнө Зүүндэлгэр дөрөвдүгээр багийн иргэд, итгэл хүлээлгэн сонгосон сонгогч олондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

2016 онд УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд нэр дэвшиж, уулзалт хийгээд явж байхад тус багийн иргэдээс хамгийн их ярьж, хэлж байсан санал нь багийн шинэ байртай болох талаар байсан. Иймд 2018-2019 онд засаг захиргааны анхан шатны багийн төвийн шинэ барилга баригдсан. Ингэснээр төрийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах нөхцлийг бүрдүүлсэн.

Зуунмод сумын Зүүндэлгэр дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр 016 дугаар ангид 40 айлын албан тушаалтны орон сууцны байр барьж, ашиглалтанд оруулахад анхан шатнаас нь уламжлан хувь нэмэр оруулсан.

Зүүндэлгэр баг Зуунмод сумын төвөөс бага зэрэг алслагдсан бөгөөд Төв Зүүндэлгэр хооронд явдаг шугамын автобус муудсан байсан учир орон нутгийн төсөвт хөрөнгө суулган шинэ нийтийн тээвэртэй болсон. “Эко тохилог хашаа” төсөл Зүүндэлгэр дөрөвдүгээр багт хэрэгжсэн. Агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын утаатай тэмцэх, гэр хороололд оршин суугчдын ая тухтай, тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор утаа бага, түлшинд хэмнэлттэй Эко зуухыг Зүүндэлгэр 4 дүгээр багийн 200 гаруй өрхөд үнэ төлбөргүй олгосон. 

Төв аймгийн Нийтийн номын сангийн засвар, шинэчлэлтийн ажлыг яаралтай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг удаа дараалан аймгийн ИТХ-д тавьж, нөхцөл байдалтай нь танилцан уламжилж, улмаар аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачилга, дэмжлэгээр БНСУ-ын Пентёк хотын захиргаатай хамтран 1,2 тэрбум төгрөгийн өртгөөр засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна.  Түүнчлэн, иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой байж, 2016 оноос хойш жил болгон ахмадын баяр, сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өгдөг уламжлалтай.

Мөн шинэ жилийн баярыг тохиолдуулан Зүүндэлгэр дөрөвдүгээр багийн IV сургуулийн 400 гаруй хүүхэд багачуудад өөрийн найз Б.Бат-Эрдэнэ, Ж.Тамжид нарын хамтаар гарын бэлэг гардуулах уламжлал тогтсон. Дотоодын болон гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж тойргийнхоо амьдралын түвшин доогуур айл өрхөд түлээ нүүрс болон бусад төрлийн дэмжлэг үзүүлсээр ирлээ. 

2020 онд Зүүндэлгэр дөрөвдүгээр багийн гэр хорооллын айл өрхийг нэгдсэн цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох дэд бүтцийн ажлын эхлэлийг тавьж, төсөл сонгон шалгаруулах шатандаа явж байна. Цаашид ч иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулах тал дээр идэвхийлэн ажиллана. 

- Мэдээлэл Харилцаа холбоо, цахим үйлчилгээ тал дээр таныг маш сайн ажилласан хүн гэж орон нутгийн иргэд ам сайтай, үнэлж байна. Ингэж сайшаагдаад байгаагийн учир юунд юм бол. Чухам юу хийж хэрэгжүүлээд байна вэ?

-Манай аймгийн Мэдээлэл Харилцаа холбооны салбарт үндсэн сүлжээний өргөтгөл, найдвартай ажиллагаа, сайжруулах тал дээр олон ажил хийгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хот-Зуунмод хот чиглэлд 25 км урттай 24 корын шилэн кабелийн сүлжээ байгууллаа. Өмнө байсан хуучин зургаан корын шилэн кабелийн хяналтыг нь хэвээр үлдээн нөөцөнд байлгаж, давхар Зуунмод–Налайхаар тойруу холбоо үүсэж, шилэн кабелийн болон техникийн хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангасан.

Мөн Төв аймгийн Баянчандмань–Партизан сумын чиглэлд шилэн кабелийн сүлжээ байгуулсан. Төв аймгийн Сүмбэр, Цээл, Угтаал, Баянхангай, Заамар, Баянцогт сумдын дата урсгалын багтаамж буюу интернетийн хурд 10 гега байсан бол 100 гега болж сумдын урсгалын багтаамжийг олон дахин нэмэгдүүлсэн. Улсын хөрөнгө оруулалтаар сумдад  төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх “Хур систем” төслийн хүрээнд Төв аймгийн 13 суманд барилгын их засвар, гурваг суманд шинэ харилцаа холбооны барилга барьж, дуусах шатандаа явж байна.  Удахгүй ашиглалтанд орно. Мөн дөрвөн суманд шинэ холбооны стандартын цамхаг барьж, 13 сум дизель цахилгаан үүсгүүртэй болсон нь Төв аймгийн хөгжлийн бас нэг гол тулгуур болж байгаа гэж үзэж байгаа. 

Мэдээж, нийт ажилтан албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулсан. Төв аймгийн төвийн нийт албан хаагч нартаа газар эзэмших журмын дагуу 0,07га зуслангийн газрыг эзэмшлээр авч өгснөөс гадна аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорацитай хамтран газрын асуудлыг шийдвэрлэж “Стонхэйж” ХХК холбооны салбарын ажилтан албан хаагч нарт зориулсан хямд үнээр орон сууцтай болох төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай хамт олон Төв аймгийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шалгарсан, мөн компанийн хэмжээнд Монгол Улсын 21 аймгаас үйл ажиллагаагаараа 2016 онд I байр, 2017 онд IV байр, 2018 онд III байр тус тус эзэлсэн амжилттай ажиллаж байна. Энэ дашрамд аймгийнхаа газрын хамт олондоо баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.  

-Энэ дөрвөн жилийн хугацаанд та сум, орон нутагтаа  хөгжүүлэх ажилд анхаарч ажилласан байна. Үүнийг нь ч иргэд олон харж байгаа биз ээ.  Харин Н.Дугар хүн хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдгийг сонирхож байгаа болов уу. Гэр бүлээ танилцуулахгүй юү?

-Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Бид 2010 онд танилцаж байлаа. Үүнээс хойш 10 жилийг хамт өнгөрүүлсэн байна. Эхнэрийг минь Мишигийн Мандах гэдэг. Хүний эх эмч мэрэгжилтэй. АНУ-ын UCLA сургуульд мэргэжил дээшлүүлж байсан. Би зав багатай ч үр хүүхдэдээ аль болох цаг гаргаж, тэднийг сонсох, хөгжүүлэх зэргээр эцэг хүний үүргээ сайн гүйцэтгэхийг хичээдэг. Охин минь тун удахгүй сургуульд орох гэж байна. Охид чинь том болох тусам аавтай илүү дотно болдог юм байна (инээв). Тиймээс аль болох зөв үлгэр дуурайл үзүүлэх, найз шиг нь ойлгоход анхаарч байгаа. Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал шүү дээ.

-Та гаднын их дээд сургуульд өндөр боловсрол эзэмшсэн. Гаднын сургуульд суралцсан хүмүүс ихэвчлэн төв, суурин газар ажиллах сонирхолтой байдаг. Гэтэл та хөдөөгийн суманд ажиллахыг илүүд үзжээ. Энэ тухайд?

-Би 2015 онд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэнээр АНУ-ын Номхон далайн их сургуульд компьютерын шинжлэх ухааны магистерийн зэрэг хамгаалсан. Ингээд сургуулиа төгсөж ирээд төрөлх нутаг Төв аймагтаа ажиллаж, амьдарч байна. Өсөж, төрсөн нутгаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй. Би Төв аймгийг хөгжлийн төв болгох уриалга дэвшүүлэн ажиллаж байна.  Цаашдаа эхлүүлсэн ажлаа сайжруулж, иргэдэд ээлтэй хөгжлийн төв болгохыг зорьж байна. Улаанбаатар хотод төвлөрсөн хэт төвлөрлийг сааруулж, Төв аймгийн Зуунмод хотыг суурьшлын гол бүс болно гэж харж байна. Иймд бид хот төлөвлөлтийг эртнээс зөв шийдэх хэрэгтэй. Манай Зуун мод хотыг дагуул хот болгох эхний ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, шинэ нисэх онгоцны буудал байгуулах ажил үргэлжилж байна.

-Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг өөр ажил төрөл юу  байна вэ?

-Үндсэн ажлаас өөр хийдэг, оролцдог ажил төсөл зэрэг зүйл надад байхгүй юм байна. Харин оюутан ахуй цагаасаа Төв аймгийн Нутгийн залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн болж, 12 жилийн хугацаанд Г.Сурмаа тэргүүний удирдлага дор холбооны ажилд гар бие оролцон олон араг хэмжээг зохион байгуулсан. Томоохон ажлуудаас нь сонирхуулбал, “Алтан Шанага” Төв аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах цэнгүүн, “Миний сайхан ээж-1000” мянган ээжийн баяр, Сар шинийн баярыг тохиолдуулан хийдэг “108 ахмадаа хүндэтгэе” ёслолын ажиллагаа, Монгол Улсын Гавъяат тамирчин Ц.Шаравжамцын нэрэмжит “Шараваа” Сагсан бөмбөгийн тэмцээн зэргийг дурдаж болно.

Зөвхөн сагсан бөмбөгийн тэмцээнд гэхэд л Төв аймгийн 27 сумаас нийт 90-95 баг буюу 500–600 тамирчид оролцдог. Мөн “Оюунлаг төв аймагчууд” “Англи хэл”, “Математик”-ийн олимпиад зэрэг томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулж, гар бие оролцон ажилласаар байна. Хийж бүтээж чадна гэсэн зүйлдээ бүх сэтгэл, хүч, хөдөлмөрөө зориулах бол миний ажил амьдралын хамгийн эрхэм зарчим юм. Төв аймгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, үргэлж дэмжин мөнгө санхүү, зохион байгуулалтаар ханган ажилладаг тус холбооны тэргүүн Г.Сурмаа болон холбооны Удирдах зөвлөлийн ах эгч нартаа маш их баярлаж явдаг. “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо” ТББ шанага долоон од шигээ гялалзаж, үргэлж өөдөө амжилтын зүг оройлон ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.


-Ирэх дөрвөн жилд аймаг орон нутаг, тэр дундаа Зүүндэлгэр дөрөвдүгээр багт ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Зүүндэлгэр дөрөвдүгээр багийн гэр хорооллын айл өрхийг нэгдсэн цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох дэд бүтцийн ажлыг үргэжлүүлэн өргөтгөл шинэчлэл хийнэ.
Хүчдэлийн уналттай айл өрхийн 10/0.4 кв-ын ЦДАШ барих 0.4 кв-ын эрчим хүчний шугам, сүлжээний өргөтгөл шинэчлэлийг Зүүндэлгэр дөрөвдүгээр багийн шинэ суурьшил руу тавина. 

Үерийн ус зайлуулах далан суваг байгуулах зураг төсөв гарсан. Зураг төслийн дагуу үерийн ус зайлуулах далан сувагчлал байгуулна. 
Зуунмод сумын Зүүндэлгэр дөрөвдүгээр баг болон Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байршиж байгаа асуудлыг аймгийн ИТХ-ын 2019 оны 13 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, Сэргэлэн сумын 04 дүгээр тогтоолын хамт ГЗБГЗЗГ-т албан бичгээр хүргүүлсэн. Тус маргаантай асуудлыг шийдвэрлэж иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Үүнийгээ улам эрчимжүүлж нэг талд нь гаргаж, үр дүн бүхий тодорхой шийдэлд хүрэх болно.  

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсч, иргэдийн итгэлийг хүлээн ирэх сонгуульд амжилттай оролцохын ерөөл өргөе. 

    -Баярлалаа, та бүхний ажилд ч бас амжилт хүсье. 

Д.ОТГОНЖАРГАЛ


Н.Дугар: Төв сайхан нутгийнхаа төлөө зөв сайхан сэтгэлээр хүчээ нэгтгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-06 16:20:37
    Пп: Амжилт хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-04 18:37:28
    билгээ: ийм л залуучууд төрд байх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-04 13:05:28
    Ganaa: Amjilt husey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-04 09:53:07
    Narmandakh: Mundag zaluu baina, iim zaluus olon baigaasai. Amjilt husey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-03 22:39:40
    Төмкө : Амжилт хүсэе дэмжинээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188