• Өнөөдөр 2024-03-29

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Чуулгантай, сурталчилгаатай, тэг зогсолттой, угаарын хийтэй ДОЛОО ХОНОГ

Өнгөрөгч долоо хоногт нийгэм, улс төрийн амьдралд олон чухал үйл явдал өрнөлөө. Улс төрийн эргэн тойронд шинэ парламентын анхны чуулган нээлтээ хийж, орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн бол нийгмийн амьдралд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн таван цагийн турш тэг зогсож, угаарын хийд таван настай хүүхэд амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн эдгээр үйл явдлыг Ergelt.mn сайт тоймлон, уншигч танд эргэн сануулж байна.

                            Шинэ парламентын анхны намрын чуулган нээлтээ хийлээ

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхны ээлжит чуулганаа нээлээ. Өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр чуулганы хуралдах хугацааг 75 өдөр болгож сунгасан. Ингэснээр хамгийн удаан хугацаанд хуралдах анхны намрын чуулганы нээлт гэдгээрээ онцлог байлаа.

УИХ-ын ээлжит чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн. Энэ үеэрээ УИХ, Засгийн Газар цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, төсвийн алдагдлыг бууруулах, тэр дундаа ажлын байр, хүн амын орлогын түвшинг тогтвортой байлгах тал дээр дорвитой ажил хийх шаардлагатай байгааг сануулж, хатуухан дуугарсан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

УИХ-ын ээлжит намрын чуулганаар нийгэм, эдийн засгийн салбар бүрийг хамарсан 112 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүн дотор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн томоохон хуулиуд багтаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Түүнчлэн намрын чуулганы 75 хоногийн хугацаанд УИХ-аар хэлэлцэх хамгийн том асуудал нь ирэх жилийн төсөв. Ирэх 2021 оны Төсвийн тухай хуулийг өргөн барьсан бөгөөд арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэн батлах юм.

УИХ-ын намрын чуулганы эхний өдөр өргөн барьсан Төсвийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг буюу 30,0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2,2 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5,1 хувь байхаар тусгасан байна.

                                 ХҮН-д хүртээлгүй Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Өнгөрсөн лхагва гарагт Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардан авснаар орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн хэмжээнд 7353 байна. Улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснийг СЕХ-ноос зарласан. Тодруулбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө 14388, дүүргийн 291 суудлын төлөө 696 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн ХҮН\ Хөдөлмөрийн үндэсний нам\-ынхан Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан нь өнгөрч буй долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Тодруулбал, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн батламжийг гардуулахаас нэг өдрийн өмнө буюу есдүгээр сарын 29-нд Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намыг орон нутгийн сонгуульд оролцохыг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлсэн. Ингэснээр тус намаас орон нутгийн сонгууль нэр дэвшихээр бүртгүүлсэн 29 нэр дэвшигч үнэмлэхээ авах боломжгүй болсон юм. Захиргааны хэргийн шүүхийн ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүйгээр түдгэлзүүлэх тухай шийдвэрт  “Тус намын удирдлага дотроо хоёр хуваагдсан, хоёр даргатай, хоёр тамгатай байгаа учраас сонгуульд оролцох эрхзүйн байдлыг хангаагүй” гэх агуулгыг тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн үндэсний намын удирдлага өмнө нь тус намын дарга байсан О.Бямбадэлгэр, одоогийн намын дарга Б.Найдалаа нарт хоёр хуваагдсанаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох боломжоо алдсан юм.

Харин Хөдөлмөрийн үндэсний намын УЗ-ийн гишүүн Т.Доржханд, намын дарга Б.Найдалаа нарын хувьд Ардчилсан нам, түүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга нар шүүхэд нөлөөлж, ХҮН-ыг орон нутгийн сонгуулиас хасуулж байна гэж мэдэгдсэн юм.

                                                     Түгжрэл тартагтаа тулж, тэг зогсолт хийлээ

Өнгөрсөн долоо хоногт бүх нийтийг хамарсан нэгэн онцлох үйл явдал болсон нь Улаанбаатар хотын авто зам анх удаа тэг зогсолт хийлээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-ны лхагва гарагийн 18:00 - 00:00 цаг хүртэл нийслэлийн автозамын хөдөлгөөний дээд хурд таван км\ цаг болж, тэг зогсолт хийсэн. Улмаар гэртээ харьж чадахгүй автозам дээр 4-5 цаг түгжирсэн иргэд  үе үеийн хотын удирдлагууд, гарц шийдэл олохгүй байгаа төр засгийг буруутган цахим орчинд давалгаа өрнүүлсэн юм.

Нийслэлийн хотын одоогийн автозам 314 мянган автомашинд зориулагдсан. Энэ тооны машин түгжрэлгүйгээр, дунджаар 40 км\ цагийн хурдтай хөдөлгөөнд оролцох боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 520 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн автозамын ачаалал хоёр дахин хэтэрчихээд байна гэсэн үг юм.

Нийслэлийн автозам тэг зогсолт хийсэн үйл явдалтай холбогдуулан автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойд шилжүүлэх, хотын төвийн автозамыг төлбөртэй болгох, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажлын цагийг зөрүүлэх зэрэг санал гарч, бүх нийтээр хэлэлцэж байна.

                                               Угаарын хий таван настай хүүгийн амийг авав

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн харамсалтай үйл явдал нь таван настай хүүхэд гэртээ угаартаж нас барсан явдал байлаа. Тодруулбал, өнгөрсөн лхагва-пүрэвт шилжих шөнө нийслэлд нойтон цас орж, агаарын хэм хасахад шилжиж, эрс хүйтэрсэн. Улмаар гэр хорооллын 280 мянган өрхийн галлагаа эхэлсэн. Харамсалтай нь, огцом хүйтэрсэн шөнө 74 хүн сайжруулсан шахмал түлшинд угаартаж, эмнэлгийн тусламж авсан. Тэднээс таван настай нэг хүүхэд нас барж, 29 настай нэг иргэн ухаангүй, биеийн байдал нь хүнд байна.

Угаартаж амиа алдсан таван настай хүүгийн хувьд Баянзүрх дүүрэгт ээж, аав, дүүгийн хамт амьдардаг бөгөөд аав нь энхийг сахиулах ажиллагаанд яваад эзгүй байжээ. Осол гарсан өдөр ээж нь дүүг нь аваад эмнэлэгт хэвтсэн учраас нагац эгчийнхээ нөхөртэй хамт байсан гэж ар гэрийнхэн нь мэдүүлсэн. Харин ослын газарт ажилласан НОБГ-аас лхагва гарагийн орой бороо орж эхэлсэн учраас яндангаа салгаж, өрхөө бүтээсэн байсныг тодотгожээ. Мөн утаа мэдрэгч нь ажиллагаагүй байсан нь таван настай хүү амиа алдах шалтгаан болсон байж болзошгүй юм.

Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш хэрэглээд хоёр дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд 162 мянган өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулсан. Энэ намар шинээр 15 ширхэг угаарын хий мэдрэгч тараагаад байгаа. Гэвч угаартсан өрхүүд угаарын хий мэдрэгчээ унтраасан, зохих зааврын дагуу ашиглаагүй, түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа салгасан зэргээр сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж сурахгүй байгаа нь угаартсан иргэдийн тоо буурахгүй байгаагаас харагдаж байгаа юм.


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Чуулгантай, сурталчилгаатай, тэг зогсолттой, угаарын хийтэй ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188