• Өнөөдөр 2024-03-29

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: С.Бямбацогт гишүүн зальдсан зүйл яриад байна

УИХ-ын ээлжит чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэллээ. 

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 6 дугаар дүгнэлтийг сонссон юм. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны  иргэн Н.Ариунболд   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан байна. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзсэн байна.

Чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Гэвч Монголбанкны удирдлагууд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын шинжээчдийн багтай уулзаж, “саарал жагсаалт”-аас гарах асуудлыг хэлэлцэж байгаа тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.

Үргэлжлүүлэн Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Тогтоолын төсөлд УИХ-д өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, УИХ-ын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх тухай тогтоолын төслийг өнгөрсөн жил өргөн барьсан. Их, дээд сургуульд хөнгөлөлттэй зээлээр сурч буй оюутны асуудал. Хөнгөлөлттэй зээлээр суралцсан оюутнууд таван жил улсад ажиллаад, нийгмийн даатгал төлснөөр гэрээний үүргээ биелүүлж дипломоо авахаар байсан. 11 мянга гаруй оюутны диплом одоо бий. Хэрвээ энэ хуулийн төслийг буцаавал олон хүн дипломгүй болно. Ямар үндэслэлээр энэ хуулийн төслийг буцааж байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шинэ парламент одоо байгаа хуулийн төслүүдээ буцааж, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үүнд нийцэж байгаа эсэхийг эргэн харж, хуулийн төслүүдийг илүү боловсронгуй болгох ёстой. Энэ удаад 90 хуулийн төсөл буцаахаас Байнгын хороод, Засгийн газрын саналыг авч 33 хуулийн төсөл болгосон. Засгийн газраас авсан саналын хүрээнд таны дээр хэлсэн тогтоолыг төслийг татан авч, эргэн харах санал гаргасан. Тиймээс өмнөх Засгийн газраас гаргасан саналыг шинэ Засгийн газар татаж авах санал гаргасан. Хуулийн төслийг татна гэдэг нь энэ дөрвөн жил хэлэлцэхгүй гэсэн үг биш. Гишүүд төслөө дахин боловсруулаад өргөн барих боломжтой.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анх удаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн барьж, тухайн үед Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэхдээ Монгол улсын Үндсэн хуульд заасан нийгмийн суурь харилцааг зохицуулж байгаа хууль учраас Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй хуулийн төслийг татмаар байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийн төслийн С.Чинзориг сайд өргөн барьсан. Хүн ам, гэр бүлийн харилцаатай холбоотой асуудал ХНХ-ийн яаманд харьяалагдаж байгаа. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороонд хамаарах асуудал гэж харж байна. Тийм биш бол Загийн газар үүнийг татаж аваад Х.Нямбаатар сайд хуулийн төсөл боловсруулан өргөн барьж болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Шинэ УИХ бүрэлдэхээр өмнө нь УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл, тогтоол, бусад шийдвэрүүд бүгд буцах ёстой. Гэтэл заримыг нь буцаахгүй гэж байна. Шинэ гишүүд яагаад дундаас нь хэлэлцүүлэгт орох ёстой юм бэ.Тиймээс үүнийг буцаагаад Засгийн газар нь дахин боловсруулаад оруулж болно. Энд цаг алдаж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн бодлогын залгамж гэж байх ёстой. Тиймээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зөв бол үргэлжлүүлээд аваад явна. Хуль санаачлагч байхгүй учир гишүүдийн асуултад хариулах, илтгэл тавих боломжгүй болчхоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: Хуулийн төслийг буцаах нь зөв. Гэхдээ Шүүхийн тухай хуулийг Ц.Нямдорж сайдыг байх үед өргөн барьсан хуулийн төсөл. Үүнийг эргэж харах шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан, Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хоёр хуулийн төсөл бий. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж сайд байхгүй байна. Шинэ сайд, шинэ Засгийн газар байгуулагдсан.  Энэ хуулийн төслөө эргэн хараач ээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон С.Бямбацогт нар өөрсдийн үзэмжээр хуулийн төслийг сонгосон асуудал байхгүй. Зарчим барьсан. Үндсэн хуульд 78 субъект хууль санаачлах эрхтэй. Шүүхийн тухай хуулийг Ц.Нямдорж гишүүн ганцаараа санаачлаад, өөрөө сонгогдоогүй бол буцаах үндэслэлтэй болно. Гэхдээ Шүүхийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газраас санал авахад хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэсэн.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: С.Бямбацогт гишүүн зальдсан зүйл яриад байна. Тухайн үед Ц.Нямдорж сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, Засгийн газар байсан. Өмнөх УИХ, Засгийн газрын гишүүдийн хуулийн төслийг буцаана гэчхээд хүн нь байхгүй байхад хэлэлцүүлнэ гэхээ болимоор байна. 150 орчим горимын саналын зөрүүтэй хамгийн чухал хууль шүү. Үүнийгээ эргэн харах хэрэгтэй.

Ийн гишүүд асуулт асууж санал хэлсний дараа УИХ-ын гишүүд тогтоолын төслийг нарийвчлан боловсруулах, зарим хуулийн төслийг хасах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Тиймээс дахин хэлэлцүүлэгт буцаах санал хураалт явуулахад олонх дэмжиж, төслийг Хууль зүйн байнгын хороонд буцаалаа.

Ц.Даваасүрэн: Төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталж байсан түүх байхгүй

Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж үг, хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсөв дээр ачаалал өгч байгаа том асуудал нь хүүхдийн мөнгө. Энэ жилийн гүйцэтгэлээр 1.9 их наяд болчихсон. Энэ нь хэрэглээг нэмэгдүүлэх нь. Импортыг нэмж байна гэсэн үг. Хөдөө яваад үзвэл бүх хүүхдүүд унадаг дугуйтай болчихсон. Үүнийг нь бид үйлдвэрлэдэггүй. Хүүхдийн мөнгө валютын нөөцийг бууруулдаг, ханш өсгөсдөг  Эргээд иргэдийн нуруунд ачаа болохоор болчихоод байна. 1.9 их наяд төгрөгөөр сум бүрт таван тэрбум төгрөгийн үйлдвэр барина. Ийм үйлдвэр барьчихвал ажлын байрны асуудал бүрэн шийдэгдэнэ. Гэтэл энэ мөнгийг зүгээр тараачихаар энд баас болж үлдэнэ. Эрээнд хөрөнгө оруулалт болж очно. Бид зоригтой арга хэмжээ авч чадахгүй хэрнээ халамжид дулуйдсан бодлого явуулж байна. Хүүхдийн мөнгө өгөхдөө хэрэгцээтэй хэсэгт нь хүргэдэг бол өөр. Хоёрт, ипотекийн зээлийн бууруулна гэж байна. Байшин барилга нэмэгдэхээр дотоод заслын импорт нэмэгддэг. 2015 оны хямрал үүнээс болсон. Зохицуулалтгүй байна. Тооцоо, судалгаагүй бараа импортлосноос болоод валютын нөөцөө угаачихаад байгаа юм. Монголбанк үүнд анхаарах хэрэгтэй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банк мөнгөний бодлогын чиглэлд аль болох төсвийн бодлоготой нийцүүлэхийг зорьж ажилладаг. 2020 оны төсвийн алдагдал 12 хувьтай байгаа нь нэлээд тэлэлттэй байна. Уг нь мөнгөний бодлогыг хатуу барих зөвлөмжтэй ч цар тахлын үед эдийн засгаа дэмжих нь зүйтэй гэж үзээд Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн. Бодлогын хүүг сүүлд найм хувь нэгж болгож, бууруулсан. Хэрэглээний бүтээгдэхийн импорт манай улсынх 1.6 тэрбум ам.доллар байдаг. Эдийн засгаа дэмжих, өрхийн орлогыг хадгалах үүднээс хүүхдийн мөнгөнд Монголбанк байр суурь илэрхийлэх боломжгүй. Өрхийн орлого буураагүй гэх статистик гарсан нь эдийн засгийн дарамтыг зөөлрүүлж байгаа гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Та бүхнийг улс төрийн дарамттай гээд айгаад хэлж чадахгүй байгааг ойлгож байна. Төсвийн орлого нь есөн их наяд, алдагдал нь 4.8 их наяд байгаа нь аюултай зүйл. Төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталж байсан түүх байхгүй. Биднийг аварч байгаа ганц зүйл нь алт. Алтны үнэ нэмэгдээгүй бол валютын нөөц өсчихсөн байгаа шүү. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Экспорт хумигдаж байгаа энэ үед бид импортын хэмжээг хязгаарлах хэрэгтэй. Экспортыг дэмжих талаар бид анхаарч, хөнгөлөлттэй зээл олгож байна. Төгрөгийн ханш 4.4 хувь суларсан. Тиймээ үүнтэй уялдуулж, импортыг хязгаарлах нийцтэй арга хэмжээ авч байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2021 он эдийн засаг хүнд байна. Экспорт нэмэгдэхгүй байгаа нь валютын нөөцгүй болж байна гэсэн үг. 2021 оны мөнгөний бодлого төсвийн бодлого хоёр уялдах ёстой. Дэлхийн банкны үүрэг цар тахалтай хоблоотой өөрчлөгдөж байгаа юм билээ. Өмнөх онд тавьсан зорилтууд нь ажил хэрэг болоогүй ирэх жил хийнээ гээд ахиад ороод ирлээ.  Дуусдаггүй нэг төмөр замтай, өрсөлдөх чадвар байхгүй. Экспортын том боломж хөдөө аж ахуйн салбарт байгаа.Хамгийн их ажил олгогч салбар бол хөдөө аж ахуй, 360 мянган ажлын байр бий болгосон өөр салбар байхгүй. Энэ салбартаа анхаармаар байна.Төрийн бодлого, мөнгөний бодлого үнэхээр дутагдаж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол Улсын экспортын 90  хувь нь уул уурхай, 10  хувь нь уул уурхайн бус экспорт.  Монгол банкны хувьд бол уул уурхайн биш экспортыг дэмжих чиглэл рүү нь бодлогын арга хэмжээгээ чиглүүлье гээд өнгөрөгч есдүгээр сард болсон Мөнгөний бодлогын хорооны хурлаас экспорт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд хөнгөлөлттэй эх үүсвэр  олгохоор ийм бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Энэ  бүтээгдэхүүнийг гаргахтай холбогдуулаад арилжааны банкнуудтайгаа уулзаж тодорхой схемийг зурчихсан. Арилжааны банкнууд тэр экспортод олгосон зээлээрээ барьцаалаад шинэ эх үүсвэрийг төв банкнаас авах санхүүгийнх нь схем нь хийгдчихсэн.  Хөдөө аж ахуйн салбарын хувьд бол  Монгол улсын банкны салбараас нийт  аж ахуйн нэгжид олгосон зээлийн хэмжээ 17  их наяд буюу  улсын төсвөөс бараг хоёр дахин их хэмжээний мөнгийг  банкны салбар эдийн засагт  зээл хэлбэрээр гаргасан байгаа. 


УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: С.Бямбацогт гишүүн зальдсан зүйл яриад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188