• Өнөөдөр 2024-04-24

Х.Баттулга танд алга ташъя

Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таны УИХ-ын намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэнд алга ташъя. Ард түмэн ч алга нижигнүүлэн ташиж байгааг уламжилъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таны төрийн түшээдэд хандан хэлсэн “Олон улсын байгууллагууд Монголын эдийн засаг агшина гэдгийг анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа уралдуулаач ээ. Юун архины савлагаа, юун дээлийн хээ, кембриджийн хөтөлбөр яриад байна вэ” гэсэн үг алгаа ташихад хүргэлээ.

“Задарч явахад эцгийн алга шиг даруулга байдаггүй” гэх эртний сайхан үгтэй юм. Энэ улсыг нэгэн өрх гэж төсөөлбөл эцэг нь Ерөнхийлөгч та. Эцгийн хувьд өрх гэрээ өөд татаж, хоногийн хоол залгуулах зэрэгт анхаарахгүй хэрнээ авдар дотроос аль хэрэгтэйг нь авч халааслаад, хийсэн ажилгүй пээдэлзэж яваа дэггүй хэдэн “охид”, “хөвгүүд”-дээ алганы амт үзүүлж, хатуухан зэмлэсэн нь цагаа олсон даруулга байлаа. Тиймдээ ч алга ташиж буй юм.

Муйхар төртэй ардын зовлон их юм аа. Төрийн түшээдийг өмнөө зогсоогоод “загнах сан” гэх хүсэл өнөөдөр хүн бүхэнд л байна. Гаргасан шийдвэр нь газарт буухгүй, хийсэн ажил нь хөрсөндөө нийцэхгүй, агаарын юм ярьж, ард түмнээ мартаад байгаад нь бид бухимдалтай байна. Хэлэх үг өчнөөн байвч хоолой мэдэн хашхираад ч дээр суугаа тэдэнд эс хүрнэ. Тийм ч учраас хөөрхий бидний хэлэх сэн гэж хүссэн бүхнийг хэлсэнд алга ташсан биз ээ. Бас ард түмнийхээ өмнөөс албан тушаалд бялуурч, ажлаа хийхгүй ханхалзсан түшээдэд хатуухан үг хэлэх Ерөнхийлөгчтэй юм байна гэж мэдэрсэндээ алга ташсан байх.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын индэр дээрээс чанга дуугаар хэлсэн, ард түмэн бидний чих тавин, алга ташин сонссон бүхэн хоосон үг, хийрхсэн үйлдэл л бүү байгаасай. Улсын тэргүүний хувьд ард түмэндээ, аж ахуйн нэгжүүддээ, эдийн засагтаа чин сэтгэлээс санаа зовинож, түүндээ багтарсан, шатсан үгс байгаасай. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан шоу, ард түмэндээ элэгтэй дүр эсгэж, нэр хүндээ өсгөх гэсэн попрол төдий дүр эсгэлт биш байгаасай гэж ард түмэн хүсэж байна.

Уг нь Ерөнхийлөгч хүн ард түмнийг нийтээр нь нижигнэтэл алга ташуулах амархан. Хэрвээ Ерөнхийлөгч хүн хэлсэндээ хүрдэг, амлалтаа биелүүлдэг байвал ард түмэн өдөр бүр алга ташихад бэлэн байдаг. Таалагдах гэж хичээх, индэр дээрээс чанга дуугарах, сайн нэр зүүх гэж оролдох ч хэрэггүй. Хэлснээ хэрэгжүүлдэг л байвал тэр ард түмний Ерөнхийлөгч.

Ерөнхийлөгч Х.Баттулга анх сонгогдохдоо “60 тэрбумын хэргийн цаад эзнийг ил болгож, төрийн албыг наймаалцдаг ялзарсан тогтолцоог нураана”, “Гадаадын банкуудад байгаа улстөрчдийн оффшор хөрөнгийг оруулж ирж, ард түмний өрийг цайруулна” гэсэн хоёр том амлалт өгч, анх удаа ард түмнийг алга ташуулж байлаа.

Алдарт 60 тэрбумын хэргийн хувьд Ц.Сандуйд дөрвөн жилийн ял оноосон. Захиалагч гэгдэх М.Энхболдыг УИХ-ын дарга, намын даргын суудлаас нь унагаж, түүний хүмүүсийг ч албан тушаалаас нь буулгасан. Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалт биелэсэн мэт харагдавч бүтэн зургаар нь харвал “60 тэрбумын схем”-тэй ижил төрийн албыг арилжаалдаг тогтолцоо өнөө ч шат шатандаа байсаар буй. Ард түмэн нийтээр алга ташаагүйг бодвол амлалт нь алга ташуулах хэмжээний биелээгүй болж таарч байна.

Авлига, хээл хахуулийн мөнгийг оффшор бүсээс оруулж ирэх амлалтын хувьд өнөө бүрхэг хэвээрээ. Уг нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараахан оффшор бүсэд байгаа хууль бус мөнгийг Монгол руу татан авчрах 49 хоногийн хугацааг хууль хяналтынханд өгч байлаа. Тухайн үед оффшор бүсэд данстай 49 иргэний нэр яригдсан. Дараахан нь 90 орчим сая ам.доллар орж ирсэн тухай АТГ-аас цухас мэдэгдсэн. Харин одоо бол энэ тухай мэдээлэл хомс. Гэтэл ард түмэн хэн гэдэг улстөрч хэдэн төгрөг оффшор бүсэд байршуулсан байсан, хэдэн төгрөг Монголд оруулж ирсэн гэдэг баттай мэдээлэл хүлээсээр. 

Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга таван зүйл бүхий мөрийн хөтөлбөрөө биш юм аа гэхэд дээрх хоёр амлалтаа яг таг биелүүлчихвэл ард түмэн түүнд дахин алга ташихад бэлэн л суугаа.


Х.Баттулга танд алга ташъя
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-05 17:15:53
    Иргэн.: Үхснийх нь алга ташдаг юм. ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БИЗДЭЭ. ХУЖАА ЦУГЛУУЛЖ, ХУЛГАЙ ХИЙЖ, ЛУЙВАРЧДЫГ ДЭМЖИЖ ӨДИЙ ХҮРЛЭЭ. ЭЛБЭГДОРЖ ЮУ ХИЙГЭЭД ЯВНА, ЭНЭ ХҮН ЯАЖ ААШЛААД БАЙНА. ЯДАЖ ЧИМГЭЭ, СОДНОМДАРЖАА НАРЫГ ШОРОНГООС ГАРГАХ ЮМСАН. МОНГОЛ ЯЛАГДААД Л БАЙГАА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188