• Өнөөдөр 2024-04-24

Х.Баттулга: Сарын өмнө 4.8 их наядын өр үйлдвэрлэлээ. Өрийг өрөөр дарснаа дайснаа дарсан мэт баярлах

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж,  хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.

Г.Занданшатар: Саарал жагсаалтаас гарах тайланг хянан шалгахаар ФАТФ-аас төлөөлөгчид ирээд байна

Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэйгээ уулзаж, Байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хороод салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл сонслоо. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж, ажилласан. Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, ард түмний үгийг сонсдог мэргэжлийн парламент байхыг гишүүд эрхэмлэж байгаа. Гишүүд хөдөө, орон нутагт ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байгаа. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. Бид саарал жагсаалтаас гарах тайлангаа амжилттай хамгаалсан. Зургаан үүрэг даалгавраас дөрвийг нь биелүүсэн. Үүнийг газар дээр нь хянан, шалгахаар санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас төлөөлөгчид ирээд байна. Яг одоо Ерөнхий сайд ажлын хэсэгтэй уулзаж байгаа.

Эрхэм гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл II хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Мөн Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинээр батална. УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулсан. Үүгээр УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагын асуудлыг шийдэхээс гадна Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудал багтаж байгаа. Энэ удаагийн ээлжит чуулганы хуралдаан Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн ажиллагаатай давхцаж байна" гэлээ.

Х.Баттулга: Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу. Экспортын ахиу орлого олоход УИХ яагаад анхаарахгүй, шийдэхгүй байна вэ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.Тэрбээр "Цар тахлын улмаас экспортын орлогоо тасарсан.  Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр өргөн цар хүрээтэй байх нь тодорхойгүй байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хангаж сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна. Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлахад илүү анхаарахаас аргагүй. Намрын чуулганы өмнө миний бие уламжлал ёсоор ихэнх аймгуудаар тойрч, нийтдээ 7000 мянга гаруй иргэдтэй уулзалт хийж санал бодлыг нь сонсож ярилцлаа. Олон суманд хуурайшилттай, ган болсноос өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн байна. Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна. Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээс доройтолд орсон, хөгжлийн ялгаатай болсныг та бүхэн анзаарсан байх. Нэг улс, нэг үндэстэн хөгжлийн эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаж буйг харуулж байна. 
Өнгөрсөн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь байтугай жижиг хэлбэрээр ч хийж, хэрэгжүүлж чадсангүй. Үр дүнд нь бид импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо. Үндсэндээ төсвийн сахилга бат гэдэг зүйл алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрлээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлынхаа эрэмбийг ойлгохгүй, шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Хамаг байдаг хөрөнгөөрөө асар үнэтэй, аварга том, чамин хаалга хийхийг чухалчилдаг болсон. Орхон аймгийн жишээ татан ярьбал, шинээр баригдаж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга нь гэхэд 140 сая төгрөгийн өртгөөр боссон байх жишээтэй. Дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан утгагүй, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна. Мэргэжлийн хяналтынхан дулаан, дэд бүтэцгүй барилгыг хүлээн авсан тохиолдол ч бий.

Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна. Төсвийн алдагдал бол өр. 
2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ.

Төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон намууд нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа. Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.

Одоо та бүхэн  ирэх 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлана. Бас бөөн алдагдалтай батлах уу. Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу. 

Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох уу. Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ. Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна" гэв.

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.


Х.Баттулга: Сарын өмнө 4.8 их наядын өр үйлдвэрлэлээ. Өрийг өрөөр дарснаа дайснаа дарсан мэт баярлах
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188