• Өнөөдөр 2024-03-29

Сүнээ, Ван И-тэй долоо хоног

2020-09-19,   9159

Эргэлт.мн сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. Цаг агаар сэрүүхнээр эхэлсэн ч долоо хоногийн сүүлчээр дулаарх төлөв байдалд шилжлээ. 

Цар тахлын голомтын “царцаа” манайд буудалсан нь

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад  энэ сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Тэрбээр сүр дуулиантай айлчлалыг хийсэн шиг хийгээд буцахдаа Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлж, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх хэрэгтэйгээ илэрхийлсэн юм. Манайхан ч хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгахгүй гэсэндээ урд, хойно нь бөхөлзөж гүйсээр үдлээ.

Айлчлалын үр дүнд   “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцлоо. Цаашлаад эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийлээ. Мөн Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө гаргав. Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгуулав. 

Ван И-г айлчлах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байгааг хэлжээ. Өнөөх нь өнөө, маргаашгүй хэдэн хонийг минь авах юм хэлсэнгүй бололтой.  
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү манай улсад хоёр дахь удаагаа айлчилсан айлчлал байлаа. Мөн цар тахал гарч эхэлснээс хойших гадаадын томоохон айлчлалын нэг болж буй. 

Төрийн шийдвэрийг тамхины цэгээс сонсогч Сүнээ

УИХ-ын ээлжит сонгуулийн гол дуулианы эзэн Сүнээ буюу Б.Сүндэръяа БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-г айлчлах үеэр “Улаан бал”-д нэврүүлэгт оролцож,  мартагдах шахсан гишүүдийн түүхийг дахин сөхлөө. Ордны “Ванга” хэмээх нэр зүүгээд байсан тэрбээр сонгуулийн дуулианд өртөж, хэсэгтээ л амь наана, там цаана хэдэн сарыг өнгөрөөв. УИХ-ын нэр бүхий гишүүдтэй дотно харилцаатайгаа ч тэр илчлэв. Мөн төрийн хэрэг тамхины цэг дээр л өрнөж байдаг гэдгийг өчиггүй хэлэв. Тэрбээр “Төр өөрөө дархлаатай, цензуртэй байх ёстой байхгүй юү. Хүчгүй төр лүү хүн болгон сарвалзана гэж энэ. Засгийн газрын шийдвэрийг яаж бусдаас түрүүлж мэддэг вэ гэж үү.

Төрийн оронд орж үзсэн биз дээ. Тамхины цэг дээр нь очиж үзсэн үү, гоё тэ. Тэнд бүх юм болдог байхгүй юү. Зөвлөх, туслах, цэвэрлэгч эгч, ах нар Ерөнхий Сайдын хамгаалагч хүртэл бүгдээрээ тэнд тамхи татаад зогсдог. Чимээгүй тамхи татаад зогсох юм уу. Үгүй шүү дээ” хэмээн харин ч нэг томорлоо. Мөн “Би сонссон зүйлээ баталгаажуулж чаддаг байхгүй юү. Сонссон зүйлээ салбарынх нь хүнээс шууд тулгаж асуудаг. Жишээ нь, Э.Оюунболдын допингийн хэрэг байна. Тэр үед төрийн ордноор дүүрэн сандарч, бөөн юм болсон. Би шууд Ерөнхий Сайдын зөвлөх дээр очоод асуусан. “Яаанаа энэ Хэнтийгийн бөх допингийн асуудалд орчихлоо.

Нутгийнх нь бөх ийм асуудалд орчихоор Ерөнхий сайд юу гэж хүлээж авч байгаа бол оо” гэхэд л “Харин тийм ээ” гэж байгаа байхгүй юү. Би ингээд л баталгаажуулж авч байгаа юм” хэмээн ам гарлаа. Харин тэр 4-6 залууд дарамтлуулж, загнуулж, ээжийг нь хутгалсан хүнийг наранд яваад байгааг гайхаж асуулаа. Мөн хууль хүчний байгууллага иргэнийхээ төлөө ажиллахгүй, хэдэн хуудас өргөдлөө хурдхан шийдүүлэхийг хүслээ.    


Сүнээ, Ван И-тэй долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 15:53:08
    бадам: монгол бичгийн талаархи тэмцэлийг сүний гэгч хүүхний тухай сенсациар дарах ажиллагаа явагдлаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188